Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Сансрын хөлөг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сансрын хөлөг гэдэг нь сансар огторгуйд нисэх, ажиллах зориулалттай тээврийн хэрэгсэл юм. Сансрын хөлгүүдийг харилцаа холбоо, дэлхийн ажиглалт, цаг уур, навигаци (байршил зүй), сансрын колоничлол, гариг судлал, хүн ба ачаа тээвэрлэлт зэрэг олон зорилгоор ашигладаг. Нэг үе шаттай, тойрог замд ажилладаг тээврийн хэрэгслээс бусад бүх сансрын хөлөг бие даан сансарт гарч чадахгүй бөгөөд хөөргөх төхөөрөмж (зөөгч пуужин) шаарддаг.

Тойрог замаас доогуурх нислэгийн үед сансрын хөлөг сансарт нэвтэрч, дараа нь дэлхийг бүтэн тойрох хангалттай эрчим хүч, хурдыг олж авалгүйгээр гадаргуу руу буцаж ирдэг. Харин тойрог замын нислэгийн хувьд сансрын хөлөг дэлхийг эсвэл бусад тэнгэрийн биетүүдийн эргэн тойронд хаалттай тойрог замд ордог. Хүн тээгч сансрын хөлөг нь хүмүүсийг эхлэх цэгээс  эсвэл тойрог зам дах тодорхой байршилаас (сансрын станцууд) багийн гишүүн эсвэл зорчигч болгон тээвэрлэдэг бол роботын сансрын нислэгт ашиглагддаг сансрын хөлөг нь бие дааж эсвэл телероботоор ажилладаг. Шинжлэх ухааны судалгаанд ашигладах робот хөлгийг “сансрын хайгуул хөлөг” гэнэ. Гариг биетийг тойрон тойрог замд байсаар байх робот сансрын хөлөгийг “хиймэл дагуул” гэнэ. Одоогийн байдлаар "Пионер 10 ба 11", "Вояжер 1 ба 2", "Шинэ Тэнгэрийн Хязгаар" зэрэг цөөхөн хэдэн од хоорондын хайгуул хөлөг манай нарны аймгаас гарах замдаа явж байна.


Тойрог замын сансрын хөлөг нь ахин ашиглагдахуйц эсвэл үгүй ​​байж болно. Ихэнхийг нь нэг удаа л хөөргөх боломжтой. Ахин ашиглах боломжтой, дэлхийд буцаж буудаг сансрын хөлгүүдийг далавчгүй сансрын капсул болон далавчит сансрын онгоц гэж 2 хувааж болно. SpaceX Dragon болон Space Shuttle гэх мэт хөлгүүдийг хэд хэдэн удаа хөөргөх боломжтой. Сүүлийн жилүүдэд олон сансрын агентлагууд дахин ашиглах боломжтой сансрын хөлөгийн хөгжүүлэлтэд анхааран ажиллаж байна.


Хүн төрөлхтөн бид сансарт нисч чадсан ч тойрог замд хөлөг хөөргөх технологи цөөхөн улсад байдаг нь: Орос (Роскосмос), АНУ (НАСА), Европын сансрын агентлагийн гишүүн орнууд, Япон (JAXA), Хятад (CNSA), Энэтхэг (ISRO), Тайвань (TSA), Израиль (ISA), Иран (ISA), Хойд Солонгос ( НАДА) болно. Үүнээс гадна хэд хэдэн хувийн компаниуд тойрог замд хөөргөх технологийг төрөөс хараат бусаар боловсруулан хөгжүүлж байна. Ийм компаниудын хамгийн тод жишээ бол SpaceX болон Blue Origin юм.