Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Зажибулагийн байлдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зажибулагийн байлдаан
Огноо 1646 оны 6 сар - 8 сар
Байрлал Зажибулаг (одоогийн Монгол улсын Төв аймгийн нутаг Туул голын орчим)
Үр дагавар Манж Чин гүрний ялалт
Байлдагч талууд
Сөнөд,
Халх
Чин гүрэн
Удирдагчид
Сөнөд:
Тэнгис мэргэн ван,
Тэнгидэй
Убандай
Мангус
Доржжав
Эрмэг
Шида
Түшээт хан:
Рахули далай ноён,
Абаху мэргэн ноён
Сэцэн хан:
Бямба тайж
Хошой чин ван Додо,
төрийн жүн ван Шосэ,
Дархан чин ван Манзушир (Дархан чин ван),
Зоригт чин ван Угшан,
Дөрвөн хүүхэд хошууны Дархан зоригт жүн ван Омбо
Цэргийн хүч
Нийт: 50,000 гаруй

Сөнөд: тодорхойгүй
Түшээт хан: 20,000 цэрэг
Сэцэн хан: 30,000 цэрэг

Тодорхойгүй
Хохирол
Цэргийн хохирол тодорхойгүй, 10,000 гаруй сөнөдүүд, "тэмээ 1900, морь 21000, үхэр 16900, хонь 135300 гаруйг олзлуулсан."[1] Тодорхойгүй

Зажибулагийн байлдаан нь 1646 оны 6-р сараас 9-р сарын хооронд одоогийн Монгол Улсын Төв аймгийн Зажибулаг нэртэй газарт Сөнөд, Халхын Түшээт хан, Сэцэн ханы нэгдсэн цэргийн хүч Чин гүрний үлэмж тооны армитай хийсэн байлдаан юм. Уг байлдааны тухай баримт, судлагаа, тэмдэглэл хомс бөгөөд зөвхөн, манжийн үеийн данс, ноёдын захидал тухайн байлдаанд оролцсон манж ноёдын шастир зэрэг манж, монгол, хятад хэлээрх цөөн баримтаас шүүж үздэг.

Үйл явдал[засварлах | кодоор засварлах]

1639 онд Чин гүрэнд дагаар орсон Сөнөд аймгийн Тэнгис ван, дүү Тэнгидэй тэргүүтэй олон ноёд харъяат ардаа дагуулан 1646 оны 4-5 сард Халхын Сэцэн ханы нутаг руу дүрвэсэн. Үүнийг мэдсэн манжийн засгийн газар өмнөд хятадад байлдаж байсан хошой эрх чин ван Додо, төрийн хишигт жүн ван Шосэ нарыг Бээжинд дуудан ирүүлж, тус оны 6 сард Додо ваныг их жанжин, жүн ван Шосэг туслагч жанжинаар томилж, манж, өвөр монголын олон хошууны цэргийг захируулан Халхын нутаг руу оруулсан.

1646 оны 6 сард Янгирцаг ууланд гүйцэж, Гүн Галуутай нуурын орчимд Сөнөдийн Тэнгис вангийн цэргүүд Манж-Монголын цэргийн эсрэг байлдаж ялагдаад 3 өдөр тасралгүй зугтан явсаар Өтөг уулын орчимд манжийн их цэрэг нэхэн ирж байлдахад зугтан, зарим хүн ардаа олзлуулсан. Сөнөдүүд Бурхант уул хүртэл зугтсан ч, ахин манжийн армид гүйцэгдэн байлдахад цөөн тооны цэргээ авч зугтахад Тэнгисийн хатад хөвүүд, 10,000 гаруй хүн, малыг олзлон авсан.[2]

Тэнгис нарын ноёд зугтсаар Туул голын ойролцоох Зажибулаг гэх газарт ирэхэд Сэцэн хан Шолойгийн хүү Бямба тайж 30,000 цэрэг, Түшээт хан Гомбодоржийн төрлийн дүү Абаху мэргэн ноён, Рахули далай ноён нар 20,000 цэргийн хамт Сөнөдийн хүн ардыг өмгөөлөн манжийн нэхсэн цэрэгтэй байлдсан. Энэ байлдаан хэрхэн өрнөсөн нь тодорхойгүй үлдсэн ч, халхын 50,000 цэрэг ялагдаж, хойд зүгт 30 ли газар манжийн цэргүүд нэхэн байлдсаар, Сэлэнгэ хүртэл зугтжээ. Байлдааны дараа манжийн тал тэмээ 1900, морь 21000, үхэр 16900, хонь 135300[3] гаруйг олзлоод Бээжин рүү эргэн буцсан.

Учир нь манжууд 1644 оноос эхлэн хятадын эсрэг өргөн нутаг хамарсан том хэмжээний дайн хийж, хойд хятадыг эзлээд, цааш үргэлжлэн байлдаж байсан тул Халхын цэргийг ялсны дараа үргэлжилсэн урт дайн хийлгүй даруй буцжээ. 1646 оны 11 сард манжийн их жанжин Додо Бээжин хотод очсоноор уг аян дууссан.

Үр дүн[засварлах | кодоор засварлах]

Уг дайнд Халхын их цэрэг ялагдснаас 1 жилийн дараа Сөнөдийн Тэнгис ван харъяат ардаа дагуулан Чин гүрэнд очиж бууж өгсөн. Чин гүрний засгийн газар Тэнгис вангийн цол, албан тушаалыг хурааж, дүү Тэнгидэй тайжд Сөнөд зүүн хошууны засаг ноён, төрийн мэргэн жүн ван цол өгч харъяат ард, хошуу нутгийг нь захируулсан.

Харин Халх, Манжийн харилцаа хурцдаж, Чин гүрний зүгээс эдийн засаг, элч солилцох явдлыг зогсоон, Халхыг төр, эдийн засгийн аргаар боомилох, дотор нь хагаралдуулах, дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцох аргад шилжсэн. Энэ явдалтай зэрэгцээд Түшээт хан Гомбодоржийн ойр төрлийн Эрх цөхүр ноён Баарин аймаг руу уулгалан довтлон, хүн малыг олзлон авсан. 1647-1648 онд Халхын гурван ханы элчийг манжийн төр хүлээн авалгүй буцааж, зөвхөн Түмэнхэн сайн ноёны ач Данзан ламын элчийг хүлээн авсан явдал болов.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. https://zh.wikisource.org/wiki/%E6%B8%85%E5%8F%B2%E7%A8%BF/%E5%8D%B7218#%E5%A4%9A%E9%90%B8
  2. Монгол улсын түүх. Vol. 4. Улаанбаатар: Адмон. 2003. pp. 108–109.
  3. "清史稿/卷218 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2024-06-14.